Tuesday, June 15, 2010

“ADVANCED BIOMEDICAL IMAGING” - Олон Улсын сургалт, “МОНГОЛ СОЛОНГОСЫН ДҮРС ОНОШЛОГООНЫ 2-р ЧУУЛГАН”


ЭМЯ-ны Дүрс оношлогооны мэргэжлийн салбар зөвлөл, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль болон Монголын Радиологийн Нийгэмлэгээс Европын Холбооны “Asia Link” төслийн хүрээнд “Advanced Biomedical Imaging” БиоАнагаахын салбар дахь дүрслэл оношлогооны дэвшил сэдэвт олон улсын сургалт болон Солонгосын Радиологийн Нийгэмлэгтэй хамтран зохиож буй Монгол-Солонгосын Дүрс оношлогооны эмч нарын 2-р чуулган 2010 оны 7-р сарын 8-12 өдрүүдэд, Монголын Дүрс Оношлогооны Эмч нарын Үндэсний Чуулган 2010 оны 9 сарын 24-25ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна.

Энэ удаагийн олон улсын сургалтаар Бельги, Франци, Герман, Хятад болон Солонгосоос 29 гишүүний эрдэмтдийн баг оролцож, дүрслэл оношлогооны хамгийн орчин үеийн арга, техник, технологи, энэ чиглэлд хийгдэж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийн талаар лекц унших ба Радио хэлбэлзлэлээр шарах эмчилгээ, Допплер хэт авиан шинжилгээ, Хөхний биопсийн шинжилгээ зэргээр гардан үйлдэх сургалтууд зохион байгуулагдана.
Иймд дүрс оношлогооны болон бусад мэргэжлийн сонирхсон эмч нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Сургалтанд хамрагдсан эмч нарт сургалтын 4 кредитийг олгоно. Дэлгэрэнгүйг http://radiologymongolia.blogspot.com/p/advanced-biomedical-imaging-2.html

Thursday, May 20, 2010

DISCOVERY-2010 Хурал амжилттай болж өндөрлөлөө

ЭМШУИС-ийн Оюутны MARS клубээс жил бүр зохион явуулдаг DISCOVERY Оюутны Эрдэм Шинжилгээний хурал 2010 оны 05 сарын 07-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. DISCOVERY хуралд монгол улсын хэмжээнд анагаах ухаан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх их дээд сургууль коллежиуд оролцдог үндэсний чуулган юм.

Тус хуралд оролцогчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, оролцож буй бүтээлүүд илүү чанаржиж байгаа бөгөөд 2010 оноос эхлэн МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах болсон байна.

Тус чуулганы зорилго нь Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны салбарт шинээр хийгдэж буй судалгаа, эрдэм шинжилгээний талаар хэлэлцэх, түүнийг анагаах ухааны практикийн салшгүй нэг хэсэг болгон хөгжүүлэх, монголын хөгжлийн хөдөлгүүр болсон эмч, боловсон хүчнийг оюутан цагаас нь дэмжин эрдмийн их үйлсийн гарааг эхлэхэд туслах, залуу судлаач оюутнуудын хөдөлмөрийг үнэлж урамшуулахад оршино.


DISCOVERY-2010 Чуулганаар ЭМШУИС, Ач АУДС, Этүгэн АУДС, Монос АУДС, УБДС, ХААИС, Оточ Манрамба АУДС, Говь-Алтай АУК, Дорноговь АУК, Дархан АУК , Энэрэл АУДС-ийн оюутнуудын 15 шилдэг бүтээл хэлэлцэгдсэн ба хурлын эмхэтгэл номонд 200 гаруй судлаачдын 60 гаруй бүтээл хэвлэгдсэн байна. Мөн тус хурлын үеэр Анагаах Ухаан ба Гэгээрэл сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.


Шагналтнууд:

1 байр – Б.Хонгорзул, Б.Баттуяа, Э.Билгүүн, Н.Ган-Эрдэнэ, Д.Мөнхгэрэл, Э.Аригбөх, Э.Баярмаа, Б.Баттөр нар - “Цагаан хулганад коллагенаар өдөөгдсөн үений үрэвслийн загвар үүсгэсэн нь” /ЭМШУИС/

2-р байр – Н.Жавзандолгор, Б.Оюунцацрал, С.Мөнхбаярлах, Л.Наранцэцэг нар “Согооврын тоосны аллергенд мэдрэгшсэн байдал, Соргүй согооврын тоосны аллергений уургийн судалгаа” /ЭМШУИС/

3-р байр – Д.Мөнх-Эрдэнэ, Б.Баттулга, Э.Золзаяа, Б.Сувд, Б.Пүрэвцэрэн, Ц.Цогтхишиг, Л.Мөнхтулга нар “Хүний ихсээс фибробластыг ялган авч өсгөвөрлөсөн үр дүн”

Шилдэг ханын илтгэл-Д.Гэрэл, Г.Ганчимэг, Б.Баясгалан нар “Хулангийн ундаанаас эм гарган авах” /ЭМШУИС/

Шилдэг гэрэл зураг - Б.Амарбат, Н.Анархүү нарын “Эрүүл мэндийн хөгжлийг бага дээр нь нөхөе” сэдэвт бүтээлүүд тус тус байр эзэлсэн байна.


Monday, May 3, 2010

MARS CUP-2010


MARS клубээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг MARS CUP тэмцээн 2010 оны 4 сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан юм. Тус тэмцээн нь сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, хөгжөөнт буухиа гэсэн 4 төрлөөр дүрс оношлогооны эмч, багш нар, MARS клубын оюутнуудын дунд явагддаг ба энэ удаагийн тэмцээнд MARS-1, MARS-2, Багш нар, Резидент эмч нар гэсэн эрэгтэй, эмэгтэй нийт 7 баг оролцсон юм. Тэмцээний нийлбэр дүнгээр 1 байр-Багш нарын баг, 2-р байр-MARS-2 баг, 3-р байр-Резидент эмч нарын баг, 4-р байр-MARS-1 баг тус тус эзэлсэн байна.

Wednesday, April 7, 2010

Хонг Конгийн Хятадын Их Сургууль Монголын Радиологийн Нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болов.

Хонг Конгийн Хятадын Их Сургуулийн Профессор Anil T. Ahuja 2010 оны 3 сарын 24-25 хооронд манай улсад айлчилахдаа Монголын Радиологийн Нийгэмлэгтэй хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, Дүрс Оношлогооны Резидентийн сургалтыг 3 жилийн хугацаатай болгоход Хонг Конгийн Хятадын Их Сургууль үнэтэй зөвлөгөө өгч туслана гэдгээ амлав.